• Mongolian
  • English (UK)

Архивын баримтын дээжээс...

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АРХИВЫН БАРИМТЫН ДЭЭЖЭЭС

Монгол орон мал аж ахуйн орон бөгөөд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдарч ирэхдээ малын өвчин эмгэгийг өөрийн уламжлалт аргаар буюу өвс ургамал хэрэглэх, хатгаж төөнөх гэх мэт аргацаах төдийгөөр 20 дугаар зуунтай золгосон байна.

1923 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ардын Засгийн газрын тогтоолоор Нийслэл Хүрээ болон Сонгины булан гэсэн 2 салбартай “Мал эмнэлгийн хэлтэс”-ийг Сангийн яамны дэргэд байгуулсан ч төд удалгүй мөн яамны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор дээрх хэлтсийг Дотоод явдлын яаманд харьяалуулж “Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар” болгожээ.

Малын эмнэлгийн хэлтсээс Нийслэл хүрээний мал алах газар байгуулан гүйцэтгэх дүрмийг боловсруулан хянуулж гүйцэтгүүлэн шийдүүлэхээр Засгийн газрын Төв хорооны 34 дүгээр хурлын 11 дүгээр зүйлд хэлэлцээд ...”Энэхүү дүрмийн уг төлөвлөсөн ба мөнхүү дүрмийн дотор дурдсан мах худалдуулах орон байшинг Сангийн яамнаас хотын захиргаа лугаа зөвлөлдөн бариулсугай...хэмээх явдлыг зүйтэй тул Дотоод яамнаа уг явдлыг эрхлэн гүйцэтгэвээс зохимой...”4 хэмээн тушаасныг үзвэл Мал эмнэлгийн газар байгуулагдахын сацуу тус байгууллагын үйл ажиллагааны дүрэм, зааврыг боловсруулан зохих дээд газруудад уламжлан батлуулж, өөрийн харьяаны бусад байгууллагуудад зарлан мэдүүлж, мөрдүүлэн ажиллаж байсан нь түүхэн баримт, эх сурвалжуудад тэмдэглэсэн зүйл буй.

“Нийслэл Хүрээний Мал алах газар байгуулан гүйцэтгэх” 11 зүйл бүхий дүрмийг Нийслэлийн Мал эмнэлгийн тасгаас зохион Засгийн газраар хэлэлцүүлэн шийдүүлж, дагаж мөрдүүлэн ажиллаж байжээ.

Малын эмнэлгийн газрын үндсэн үйл ажиллагаа нь мал, амьтныг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийн арчлалт, маллагааг сайжруулах, өвчилсөн малд эмнэлгийн тусламж үзүүлэх, халдварт өвчинтэй малыг эрүүл малаас тусгаарлах ажлыг зохион байгуулах, идшинд хэрэглэх ба худалдах малд үзлэг шинжилгээ хийх мал нядалгааны газрын хэргийг эрхлэн шийтгэх, малчин ардад зохих дүрэм зааврыг зохион хянуулах, батлагдсан дүрэм зааврыг ухуулан таниулах, дагаж шийтгүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байсныг тэмдэглэсэн зүйлс төрийн архивт хадгалагдан үлдсэн байдаг байдаг бөгөөд тэдгээрийг доор сийрүүлэн толилуулья.

Дараах линкээр орж танилцана уу.

1. Архивын баримт, тэмдэглэлт, түүхт өдрүүд

2.Архивын баримтын жагсаалт

Бэлтгэсэн: Нийслэлийн Архивын газрын ЭША М.Энхцэцэг

 

Фото мэдээ